- Яаж? - - Чамд тийм сонин байна уу?
- - Үнэхээр сонин байна. Миний танихгүй хүн намайг таньдаг гэхээр бүр сонин гэхэд дэндүү сонин байна. Тэр дундаа миний дурлаад байгаа хүн миний тухай ихийг мэддэг гэхээр бүр хачирхаад ч барахгүй байна. Сүүлийн үед би бараг чамайг зүүдлэх шахам боддог болсон.
Сүүлийн хоёр өгүүлбэр арайтай л амнаас уначихсангүй, амжиж тогтоож авлаа.
- - Тэгвэл би хэлэхгүй ээ.
- - Яагаад гэж би урам хугаран гайхах зэрэгцэн асуулаа.
- - Чамд хэдий сонин байх тусам би төдий чинээ нууцлана.
- - Өө. Ямар муухай юм бэ. Хэлчих л дээ.
- - Би шалах тусам дуугаа хураадаг хүн гэдгээ хэлээгүй байхаа?
Би бууж өглөө, гэхдээ сонирхол минь улам ч нэмэгдэж, энэ хэвээрээ түүнийн дандаа ийм сонин байгаасай гэж ч хүсэх мэт. Бид хоёр хаалгаа барьсан боловч цонхоор нь үзмэрүүд нь гэрэлд амьд юм шиг харагдах дэлгүүрүүдийн хажуугаар алхана. Урин цаг аль эрт одож, өвөл ойртохын дохио болох жавар эмгэн хацрыг минь хайрч, яриандаа, бас сэтгэлийн хөөрөлдөө анзаарч амжаагүй болохоос бээлийгүй гар минь хүртэл улайж, санаа зовмоор авч нус минь гоожиж байх аж. Байн байн шор шор татах гэж би сандрана. Анхны болзоо учралын үед бүгд л төгс сайхан харагдах гэж эрмэлзэн, ямар нэг бүтэлгүй онцгүй сэтгэгдлээр бүхнийг нураахаас эмээдэг. Би ч түүний хажууд өөрийн эрхгүй биеэ барин аль чадахаараа цэх алхах гэж, бас инээхдээ тэнэг хүн шиг ярзайхгүй юмсан гэж, илүү дутуу үг унагахгүй гэж хэрэндээ л хичээгээд байлаа.
- - Хоёулаа яаж яагаад гэдэг тухай одоо ярихаа больё. Би бага байхдаа, бүр сургуульд ч ороогүй байхдаа аав ээжтэйгээ Орос явж байсан юм. Тэгээд тэнд очоод хэсэгхэн байхдаа нэг орос охинд дурлачихаад, тэгсэн хэл нэвтрэлцдэггүй ээ. Хэрэндээ л санаагаа ойлгуулчих санаатай, "Би чамд хайртай" гэдэг үг сураад очлоо. Тэгсэн нөгөө үгээ арай хийж хэлээтэхсэн өнөөх маань уйлаад л гүйгээд явчихдаг юм байна. Тэгээд би гэртээ ирээд ээждээ хэлсэн чинь ээж бөөн инээд. "Я убью тебя" гэчихээд өөрийгөө сэтгэлээ нээсэн гэж бодоод явсан юм даа.
Гаднаас нь харахад нэг л их зантай юм шиг байсан залууг ингээд хүүхэд насны явдлаа уудалж байгаад, бас намайг таньж, тоож, сонирхож байгаад баярласан, угийн инээд муутай зангаараа инээд алдсан. Гэтэл намайг инээхийг хараад л байна тэр. Надад ч тэр үед цаг хугацаа зогссон юм шиг санагдаж, цэвэрхэн, царайлаг түүнийг ангайтал ширтэж байлаа. Арай ингэж байгаад намайг үнсэх юм шиг байгаа...1,2,3....Би нүдээ аних үгүйгээ мэдэхгүй байтал тэр нусны алчуур гаргаж өгөх юм.
Гэтэл түрүүн инээхэд миний нус суга үсэрснийг сэтгэл хөөрч, хажуугаар нь бээрсэн би анзаараагүй юм байж л дээ. Ичсэндээ царайг нь харж чадахгүй тонгойж байхдаа бага зэрэг даарсандаа улайсан байсан хацар минь одоо машин андуурч зогсохоор болсныг мэдэж байлаа. Тэр намайг шоолж инээсэнгүй, гэхдээ инээмсэглэнэ. Бурхан яагаад зарим хүнд гоо үзэсгэлэнг ингэж харамгүй заяадаг юм болоо гэж бодохгүй байхын аргагүй, харцаа салгачихаж боломгүй тэр залуу өхөөрдөх мэт инээмсэглэнэ. Харин миний зүрх тайван биш боловч баяртай цохилж байлаа.
- - Баахан алхчихлаа. Даарч байна уу?
- - Үгүй ээ, зүгээр.
- - Чи худлаа ярьж чаддаггүй юм байна гэснээ хамрын минь үзүүрт хуруугаа хүргэлээ.
- - Ингэтлээ даарчихаад гэснээ хэзээний дотно хүн шиг хамрын минь үзүүрийг зөөлхөн чимхэхэд надад огтхон ч эвгүй санагдсангүй.
- - Мандхай, бид хоёр танай гэрээс эсрэг зүгт алхсаар байгаад бараг манай гадаа ирчихсэн байдаг. Гэтэл танайх эндээс хол шүү дээ гээд тэр надруу хариу нэхэх мэт ширтэх юм.
- - Тийм л дээ. Тэгвэл чи ингээд орчих. Би такси бариад л харьчихъя.
- - Эмэгтэй хүнээр хүргүүлчихээд хүргэж өгөлгүй ганцааранг нь харанхуй шөнө хэн ч байж мэдэх хүний машинд суулгаад явуулна гэж юу байхав. Ингэж хэлэнгүүтээ тэр намайг хөтлөөд, өмнө нь хэдэн зуун удаа ингэж байсан юм шиг, огт хүнийрхүү биш, дотнохон, дулаахан гартаа даарчихсан гарыг минь чанга атгаад өөртөө итгэлтэй замруу алхлаа.
Тэгэхэд хачирхалтай нь би даарахаа больчихлоо. Гэнэтхэн цаг хугацаа эргэн, улирал солигдоод намар биш, хавар, бүр зун болчихсон юм шиг. Тэгээд зам дээр такси барих гээд зогсож байхдаа энэ замаар нэг ч машин бүү яваасай, такси хэзээ ч битгий ирээсэй. Эсвэл цаг хугацаа ингээд зогсчихоосой гэж тэсгэлгүй ихээр хүсч байлаа. Ашгүй бурхан миний залбирлыг сонссон юм шиг хориод минут хүлээхэд нэг ч такси зогссонгүй. Нисэх мэт өнгөрсөн энэ хугацаанд тэр миний гарыг тавьсангүй, тавьчих вий гэж дотроо айж байсныг минь мэдсэн юм шиг.
- - Ингээд бүтэхгүй нь. Утсаар дуудаж үзэхээс. Тэр утсаа гаргалаа.
- - Өө цэнэг дуусчихаж. Чиний утас цэнэгтэй бол симээ хийгээд ярьчихъя.
- - Байхгүй, унтарчихсан гэж би бушуухан хэллээ. Яагаад ингэж худлаа хэлэх болсноо ойлгосонгүй, үнэндээ миний утас дүүрэн цэнэгтэй байсан шүү дээ. Яг энэ мөчид хэн нэгэн залгаж худал хэлснийг минь илрүүлэх вий гэхээс яс хавталзана.



Сэтгэгдэлүүд:
энэ бүхэн хамаагүй гэвэл бололгүй яахав.
Санаа эгч удахгүй, тун удахгүй. Каминг сүүн. хэ хэ.
Агай догдолдогт чинь баярладийм. Ойлгож мэдэрдэгт чинь бас.
Ийн тийм хурдан яаж амжих билээ. Би ойрдоо бачим нэг амжилт ,том нэг зорилт тавьчаад, амралтын өдрөөр ч ажиллах гэж байгаа. Сов соори.
Ийн хугацаа нь харин тодорхойгү шүү. Нэг л гүчиндэх маягийн үг хэлээл гарчлаа даа.
АманжинКа гэж бичжийнаа энэнээс хойш.
харин хүлээх нь жоохон тиймхэн байна даа
goy blj bnaaa sainuu Free mineee
Сэтгэгдэл үлдээх: