Барсхүү дуу аялан, жолоогоо мушгиж явна. Алсад цэнхэрлэн мяралзах уулсын зүг мушгиран зурайх зам дээр саяхан орсон цас хунгарлан тогтож, хэзээ мөдгүй тэнгэр муухайрч мэдэхийн цондон болж нүүгэлтэн бараантах авч хүрэх газар төдий л холгүй тул амжина хэмээн өөрийгөө тайвшруулж, бас ч гэж аваад удаагүй дэнхгэр жип машиндаа найдан сэтгэл амар урагшилна.
"Нуур аа, чи еээ эээ хөлдөх гээд байна уу даа хө өө хө
Нугас гэдэг амьтанд чинь хөөрхий болноо доо" гэж амандаа хүнгэнүүлэн аялахуй Урантогосын хун цагаан цээж, нарийхан гоолиг хүзүү, мушгиран гогцоорох хар үс нүдэнд нь харагдаж, бараг л анхилам үнэр нь хажууд юм шиг үнэртэх мэт. Гуч нэлээн хол гарч дөч бараг дөхөж яваа болов уу гэмээр зузаан хар хүү бүсгүй хүний атаа хөдлөм сүрхий давхраатай нүдээрээ хажууд нь зүүрмэглэн явах эхнэрээ сэмхэн нэг хараад авлаа.
Өглөөнөөс хойш хоёр хүүхдээ хувцаслаж бэлдэх, замын идэш ууш зэхэх, гэр орноо янзалж үлдээх гэсээр байгаад нүүрээ ч будаж янзалж амжаагүй эхнэр нь урьд шөнө ачаа тээшээ бэлдсэний улмаас дутуу авсан нойрондоо дийлдэн толгойгоо гилжийлгэн, амаа хагас ангайж, нөхрийнхөө доторх бодол бүү хэл аялах дууных нь утгыг нь тааварлах сөхөөгүй унтаж явна. Зарим хүүхнүүд нөхөрт гарч, хүүхэд гаргасан ч жавхалзсан гоолиг хэвээрээ байх атал, манай энэний байж байгаа царайг гэж Барсхүү дурамжхан бодоод бушуухан харцаа шилжүүлж, урдах замынхаа оронд учралт бүсгүйнхээ янаг халуун бие, урин тачаангуйн авъяасыг төсөөлж өөрийгөө баясгаж явлаа.
Яг жилийн өмнө Барсхүү Япон улсад долоо хоногийн хугацаатай болох хуралд байгууллагаа төлөөлөн явж билээ. Бүхэл бүтэн долоо хоног ойрхон төрсөн хоёр сахилгагүй хүүхдийн орилоон чарлаан, зодоон нүдээн, эхнэрийнхээ үглэл яншилтаас хол байна гэхээр сэтгэл нь онгоцноос түрүүлэн Японд нисэн хүрч, арлын оронд хөл тавимагцаа хажуугаар зөрөх охид бүсгүйчүүдээр ханатлаа нүдээ хужирлаж явав. "Хүүш, наад нүд чинь үлдчихлээ" гэж нудрах хүнгүй газар Барсхүү эрх чөлөөний амтыг цээж дүүрэн мэдэрч, хурлын дундуур нэг оройн зугаалгаар ялигүй халамцахдаа янзага шиг гоолиг зэгзгэр, нааш ир гэж дуудах мэт тормогор хар нүдтэй хүүхнийг олж хараад шууд л өөрийн болгохоор сэтгэлдээ товлосон хэрэг. Байн байн түрийвчнээсээ сугалан гаргаж, нүнжигтэй нь аргагүй ширээн дээр тап хийтэл тавих дэвсгэртүүд нь Урантогосын Барсхүүд тийм ч их гүйлгэж гуйлгалгүй өврөө нээхийн шалтгаан байж.
Ууж суух зуур хажууд нь ойртон суугаад өнөөх салж боломгүй мансуурам нандин үнэрээ сэнгэнүүлэнгээ санаандгүй юм шиг энгэрийн товчоо дээрээс нь эхлэн мулталж, цагаан цээжээ эрээгүй гайхуулан, арай ч гэмээр богинохон банзлаа бүр ч дээшлүүлэхэд зузаавтан гуяных нь завсар гэнэ гэнэхэн гялалзах зүйл Барсхүүгийн аазгайг бүр ч хөдөлгөж орхив. Харсан зүйлээ мартаж чадалгүй овоохон зоригтой алхам хийчихэж чадаагүй өөрийгөө зүхэн орондоо хөлбөрч хэвтэхэд "Өрөө андуурчихаж" гэж зальжин инээмсэглэсэн бүсгүй орж ирээд нөмөрсөн халаадаа тайлбал бурхан чухам гараа гарган, ураа шавхаж зурсан гэмээр үзэсгэлэн төгөлдөр бие бүдэг гэрэлд илхэн болжухуй. Тэр мөчид эрүүл ухаан нэгэнтээ дур тачаалдаа эзэмдүүлсэн хархүүг орхин одоод цэнгэлийн балыг амтлах гэж ухаан жолоогүй яарч билээ.
Урантогосын уяхан дуу, тачаангуйн увидас бүхэнд уургалагдсан Барсхүү тэр шөнөөс хойш салж хагацаж чадахаа байгаад хааяа олдох нууцхан жаргалын амтанд шунаглан, үүр цүүрээр, өглөө эрт гэрийнхээ хаалгыг татсан нь цөөнгүй. Аз болоход Барсхүүгийн эхнэр нөхрийнхөө цамцны захыг шалгаж, орж ирэхэд нь өөр бүсгүйн сүрчгийн үнэр эрэн шиншлэх хартай зан дутмаг нэгэн бөгөөд "Өө миний өвгөн ядрав уу? Алив унд цай" гэж урд хойно нь орон бөндөгөнө. Ингэж тэгсээр дурлалт хоёрын ужид явдал гүнзгийрэн, Урантогос ч Барсхүүгийн авч өгсөн хоёр өрөө байранд дураараа тарвалзан, эхнэрийнх нь зүүдэлж ч байгаагүй үнэтэй дээл хувцсыг нэг үнсэлтээрээ солин авч, гунхалзах болжээ. Барсхүү өөрийгөө татаж авъя гэж бодсон ч үгүй, цаашдаа яахаа ч төсөөлсөнгүй, өнөөдөр жаргалтай байвал маргаашийн тухай бодож толгойгоо өвтгөх хэрэггүй гэсэн уриандаа үнэнч амьдарсаар.
Цагаан сарын баяраар хөдөө ээждээ очиж золгохоор явах залуу хосын амьдралын үнэн зураг ийм байлаа. Нэг л муу ёрлон харлан бараантаж байсан тэнгэр шидээ үзүүлж, мөдхөн цас нүүр нүдгүй шуурч, урдах замаа харахад бэрх болж ирэв. Хүйтэн салхи исгэрэн хүүгэж, цасан шуурганд үзэгдэх орчин хязгаарлагдаад ирэхийн цагт эхнэр хүүхэд нь ч сэрцгээж, хэн хэн нь ам нээхгүй боловч дотроо санаа зовнин түгшүүрлэж, урдах замаа ширтэн дуугүй байцгаана. Хоёр хүүхэд нь хоорондоо тоглон хашгиралдаж байснаа эцэг эхээ дуугаа хураахад төд удалгүй бас л чимээгүй болцгоолоо. Удтал хураагаад уурсан хилэгнэж, хуримтлагдсан бүхнээ гаргаж аашлах мэт байгаль дэлхий бүхий л чадлаараа хуйсагнаж байхад хүн нохойн бараа ч үгүй эзгүй талд давхих ганц машин төөрч будилах, эсвэл эвдэрч зогсохоос айх нь зүйн хэрэг.
Барсхүүгийн айдас биелэлээ олж, битүү шуурах цасанд зүг чигээ алдан, удалгүй машин нь цасанд сууж, урагшлах аргагүй боллоо. Машиныг нь боосон цасыг ухан цаашлах гэхээр хоёр алхмын цаадах газар үл үзэгдэх шуурганд ухаад ч нэмэргүйн зэрэгцээ, ядаж хамжаад өгчих хүн ч үгүй тул удахгүй шуурга намжих биз гэж найдан сууцгаана.
- - Аав аа, яагаад явахгүй байгаа юм? Шөнө болохоос өмнө эмээ дээр очино биз дээ гэж том охин нь асуулаа.
- - Миний хүү удахгүй энэ шуурга намдахаар хөдлөнөө.
Барсхүү ингэж тайван хариулсан ч намжих байтугай улам догшрох шуурганы аясыг ажин дотроо түгшинэ. Түлшээ хангалттай авсан учир машин асаалттай, дулаахан байх учир учраа мэдэхгүй хоёр хүүхэд нь хоорондоо онигоо ярьж, хөзөр тоглоно. Харин эхнэр нь бас л санаа зовох бололтой өөдөөс нь ширтэнэ.
Машин цасанд сууснаас хойш таван цаг өнгөрлөө. Барсхүү хэдэнтээ гарч боосон цасыг ухахаар оролдсон ч тав арваас илүү минут болбол хөлдмөөр хүйтэн бөгөөд ухсан цас нь удалгүй хунгарлан нэмэгдэх учир ямар ч нэмэр байсангүй. Одоо найдаж хүлээхээс өөр арга үгүй болжээ. Шөнийн нэг цаг болоход хүүхдүүд нь унтаад өгөв. Хэн ч тэднийг олж чадахгүй эзгүй хээр урагшлах аргагүй гацсан машиндаа, битгий унтарчихаасай гэж найдан хүлээхэд цагийн зүү хөдлөхгүй зогсох мэт удаан. Сүүлдээ машиных нь хамар үзэгдэхгүй болтол битүү шуургалж, гадаа гарах ч аргагүй болсон тул эр эм хоёр юу ч мэдэлгүй амгалан нойрсох бяцхан үрсээ харан, үл зогсох шуургыг зогсоосой гэж битүүхэн залбирч хүлээнэ.
Бүтэн нэг шөнө өнгөрлөө. "Ээж ээ, ааваа явъя л даа" гэж шулганалдаж байсан хүүхдүүд нь ч байдал биш болсныг мэдсэн мэт ууж идье гэхээ ч болилоо. Эцэг эхийнх нь сэтгэлд муу сайн ээлжлэн бодогдож, хөдөө машин нь суугаад хөлдөж өөд болсон хүмүүсийн аймшигт түүх бодогдохуй "үгүй" гэж өөрсөддөө итгүүлэхийг оролдоно. Маргааш өдрийнх нь 12 цаг болоход шуурга намжсангүй. Машин нь одоо хөдлөх аргагүй болтлоо тэр газартай барьцалджээ. Нэг шөнө нойргүй шахам хоносон ч Барсхүүгийн нүд нь анилдан, түр зүүрмэглэлээ.
Өнгийн цэцэг алаглан найгасан үлгэрийн юм шиг үзэсгэлэнт тал дундуур Урантогос эхээс төрсөн биеэрээ, Барсхүүгийн өмнө урин дуудах мэт учир битүүлэг инээмсэглэн гүйнэ. Барсхүү тамираа тасартал араас нь "Урнаа" гэж хашгиран гүйсээр, арай гэж бариад автал урт хар үс нь үнэгний сүүл болчихов. Барсхүү "ээж ээ" гэж чанга хашгиран сэрвэл эхнэр нь,
- - Юугаа зүүдлээд байгаа юм бэ? Хүүхэд цочоочихлоо гэж уцаарлангуй өгүүлэв. Үнэндээ "Урнаа" гэж тодоос тод өгүүлэхийг нь сонссондоо дотор нь харын гал дүрэлзэж, өөр олныг хэлмээр байсан ч нөхцөл байдалдаа захирагдан дуугаа хураажээ.



Сэтгэгдэлүүд:
Бялзуухай өвөл ч аймаар шүү.
Бялзуухай өө би нь буруу ойлгочиж. Ер нь аймаар юм бас бус байнаа байна. Цаашаа ч бас байна.
BMR сая нэг өглөө бүрхэг юм шиг бүүдгэр ч юм шиг манан ч юм шиг утаа ч юм шиг байв даа. Тэгэхэд л юм юм бодогдлоо.
paulchris нэг бодит явдлаас сэдэвлэсэн ухаантай. Магадгүй миний зүйрлэл ташаарсан байх. Ямар ч байсан унтраагүй удсан л юм даг. Яндан нь арай битүү дарагдаагүй байсан юм байлгүй. Гэхдээ хөдлөх боломжгүй л суусан байсан даа.
dajgui shuu.
amjilt
Барсааа юу хэ хэ
ehner-uruvdmuur /zavaarch zavaarch irehed ni hool tsai barial guideg/
муу зүйл муугаа дагуулна аа гэж
Сэтгэгдэл үлдээх: