Зөөлөн цасан будран будрахдаа буурал хөшөөний толгой, мөрөн дээр хайр найргүй лавсана. Халхлах юмгүй нүцгэн хөшөө дааран жиндэвч хэлэх хүнгүй. Цавчдаггүй нүдээрээ алсын бараа ширтэн гуниглана. Урдуур нь тэврэлдэн алхаж, цасаар тоглох хосуудыг атаархан харна. Хэзээ нэгэн цагт хөшөө ч бас ингээд өвлийн цав цагаахан ойд сэтгэлт бүсгүйнхээ дээрээс гацуур модны шилмүүсэн дээр тогтсон цасыг будруулан унагаж, инээхэд нь даган баясдагсан. Тэгэхэд тэр хүн байсан юм.
Гурван намар, гурван хавар хором ч холдолгүй ижилдсэн түүнийгээ эрдмийн мөр хөөн алсын алсад нисэн одоход даллаад үлдсэний дараа тавин хавар, тавин намар цөхөртлөө хүлээсэн ч ирээгүй. Заавал чамдаа ирнээ гээд явсан хонгор бүсгүйн амлалтанд итгэн итгэн хүлээхэд хүний нэг нас ч хүрэлцээгүй учир тэр тэнгэр лүү явж чадаагүй юм. Хайртыгаа хүний нутгаас эргээд ирэхэд хүлээж суугаад, угтан авч тэврэнэ гэсэн халуун сэтгэл нь, унтрашгүй хүсэл нь мөхөөгүй болохоор тэр хагацан салсан газартаа хөшөө болон хүлээхээр шийджээ.
Эргээд ирвэл намайг тэр танихгүй гэж айхдаа идэр залуухан эрийн хөшөө болон хувилаад ирнэ гэж амласан хонгор бүсгүйг эгшин ч амралгүй хүлээсээр. Ахиад гучин зуны наранд шатаж, гучин өвлийн жаварт хайрагдаж, цас борооныг элээн хүлээсэн ч ирсэнгүй.
Өнөөдөр анхны цасны зөөлөн ширхэг хаялан хаялан, хүйтэн чулуун биеийг нь хучихад үл үзэгдэх зүрх нь өөрийн эрхгүй эмтрэн шаналжээ. Ирэхгүй юм болов уу гэж анх удаа эргэлзэхэд нэг ч удаа аниагүй нүднээс нь цасны ширхэг нулимс болон дуслав. Хүн байсан шигээ нүүрээ даран эгшин эгшин уйлмаар байвч хайр чулуун бие нь хөдлөхгүй нэг гачлантай.
Уйлан хайлах түүний өмнө уулын залуу хус шиг гоолигхон бүсгүй сэтгэлт залуугаа дагуулан ирээд, барзгар хүйтэн хөшөөний гарыг амьд юм шиг өөриймсөг илбэлээ. "Эмээ минь чандраа энд цацаарай гэж гуйсан юм. Насан туршдаа үнэн сэтгэлээсээ хайрласан хүнээ энд орхисон учир мөнхөд нойрсох газар минь тэр байгаасай гэж хэлээд өөд болсон" гэж түүнтэй нь туйлын адилхан залуу бүсгүй өгүүлээд жижигхэн шаазан бумбанаас саарал үнсийг дээш өргөн цацлаа. Агаарт цацагдсан үнс цасны цагаан ширхэгтэй холилдон хөшөөний дээрээс буухад он цагийн уртыг үл ажран байж хүлээсэн залуугийн уруулыг хайртай тэр нь үнсэх шиг болжээ.
Яагаад ч юм ихэд гунигласан бүсгүй хайртай залуугийнхаа энгэрт тэврүүлэн эмээгээ алсын замд нь үдэхээр тэнгэр өөд харахад хос цагаан тагтаа нисэн оджээ. Будрах цасны дундуур бие биендээ эрхлэн дэвэн дэвэн алсалжээ.
Хайр сэтгэл орон зай цаг хугацаанд ч ялагдашгүй билээ.



Сэтгэгдэлүүд:
Анхны цаснаар сайхан бичлэг бэлэглэсэнд баярлалаа...
MRCS Sakyret гялайлаа.
гудамжаар яваа хүмүүс бүгд л ямар нэгийг бодсон байх шиг...
BMR энд утгаараа хэрэгжжээ тэ.
setgeld neg tiim medremj turuud
ямар үнэн ч хайруу
сайхан бичжээ
Сэтгэгдэл үлдээх: