Ердөө гуравхан алхмын цаана тэгтлээ дур хүслийг минь булаан бахдал төрүүлэх хүн унтаж байхад зүрх гарган түүн дээр очоод бодож явдгаа хэлж, намайг гайхшруулан байсан булчинлаг гарт нь амьсгал давчидталаа тэврүүлэх зориг хүрэхгүй айн бэмбэмгэнэж хэвтсээр ганц хоёрхон цагийн нойр авсан төдий өглөө сэрлээ. Нүүрээ угааж, будаггүй нүүрээ анх танилцсан өдрөө харуулахыг хүсээгүй би, ядаж л өчигдрийн болзоонд очихдоо сормуусаа будахаасаа залхууран хиймэл сормуус наасныг хэлэх үү. Өөрийг минь эвтэйхэн дуудан сэрээсэн мөрөөдлийн залуугаа инээмсэглэн ширтэж, кинон дээр гардаг шиг эрхлэн суниагаад өөдөөс нь хартал нэг юм нүд таглаад болсонгүй. Нэг л юм биш болсныг гадарлан бушуухан угаалгын өрөөнд нь ороод толинд хартал өрөөсөн тал нь хууларч унжсан сормуус, будгаа арилгахгүй унтсанаас болж улайсан нүд, бүлцийтэл хавдсан зовхи, энгэсгээ угаагаагүйн балгаар арзайсан нүүр, мөр гартал дэрлэсэн хацар...
Анхнаасаа л оноо алдаж, бүр таагүй ичгэвтэр ч гэмээр эхэлсэн тоглолтонд би гэрт нь ирэх хүртлээ эн тэнцүү өрсөлдөж байгаад уулга алдсан нэг оноо, одоо эмэгтэй хүний хувьд үргэлж сайхан харагдаж ёстой давуу талаа алдсан бас нэг оноо гээд тэр намайг тоосоороо булан урагшилж одсон нь энэ. Гэтэл тэр юу ч болоогүй юм шиг жуумалзан ойр зуурын яриа өрнүүлнэ. Би шүд зуун нударга зангидлаа. Олон бүсгүйн толгойг эргүүлэн наадаж явсан өөртөө итгэлтэй, бардам энэ залуугийн зүрх сэтгэлийг эзэмдэж чадахгүй юмаа гэхэд үгүй ядахдаа түүний дур булаах увидаст автахгүй гэж өөртөө амлан тангараглав. Хамгийн сүүлд санахыг ч хүсэхгүй олон жилийн өмнө бяцхан зүрхээ зүсүүлэн хоцрохдоо ахиж ийм зовлонг хэзээ ч амсахгүй гэж бодож, сэтгэл зүрхээ хатамжлан, хүсэл шуналаа хориглон харц дээгүүр алхсан учир хэтэрхий эмзэг дурлалаа нойрсуулах эмээр аниулахыг завдсан тэнэглэлээ давтаж яавч болохгүй.
Юу ч болоогүй юм шиг нүүр амаа янзлан, айвуу тайвуухан өглөөний цай уугаад эелдэг зан гаргах бүрт нь, инээд хүрэм хөгжилтэй ярианд нь ч царай үзүүлэлгүй хүйтэн хөшүүн дүр эсгэсээр, нүүрэндээ зүүсэн төмөр багаа тайлалгүй түүнээс саллаа. Гэвч үнэндээ энэ хугацаанд би түүнээс өчүүхэн төдий ч өө гэх зүйл олж харсангүйгээр барахгүй шүүмжлэн няцаах гэж оролдох бүр эсрэгээр улам бүр дурлан бахдаж байгаагаа өөрөө зөвшөөрөхийг хүсээгүй байж мэднэ.
Хамгийн сүүлд азгүй дурлалаа таван жилийн өмнө үдэж явуулаад, ганц бие, эрх чөлөөт амьдралаа эхлүүлснээс хойш сэтгэлдээ нийцэх төгс төгөлдөр биш юм гэхэд түүнд ойртох нэгнийг хүлээж, сэмхэн эрж хайж яваагүй гэвэл худлаа. Хоёр дэрсхэн охиноо хөтлөөд инээд алдан алхах ангийн анд, өглөө болгон хүргэж орой нь тосох халамжит нөхрөөрөө гайхуулах нэг өрөөний бүсгүй, тэр ч бүү хэл уулзаж үзээгүй хүнээ дотночлон холоос санагалзах үеэл дүүдээ атаархаж байгаагүй гэж мэлзэхгүй. Гэтэл нэг л өдөр яг л мөрөөдөн хүсч явсан хүн чинь гарч ирээд, бүр өөрийг чинь тоон дотно хандаж, их л горьдлого төрүүлэн байхад хөөрч хөвсөн догдлох ёстой би яагаад сэтгэл хөдлөлөө хүчлэн дарж, арай гэж эхэлсэн харилцаагаа дэвэргэн бадраахыг үл яарна вэ? Таалагддаг хөвгүүн минь харц чулуудах төдийд түргэн цохилдог байсан зүрх одоо яагаад надад тайван байх хэрэгтэй гэж шивнэнэ вэ? Нэг зүйлийг дэндүү ихээр хүсч байсан мөртлөө яагаад авсан хойноо санасан шигээ баярлахгүй байна вэ?
Дурлалын цохилтыг нэг удаа дэндүү хүчтэй хүртсэн миний сэтгэл өнгөрсөн жилүүдэд бодсоноос минь илүү хатуужиж, эрх чөлөөт ганц бие амьдралынхаа тойрогт өөр нэгнийг найр тавин оруулахаас үнэндээ айж байгаа хамаг учир байна. Миний толгойд энэ мэтийн эргэж хөрвөсөн, урваж буцсан, урвуулж хөрвүүлсэн олон бодол эргэлдэж духны минь атирааг нэгээр нэмэх шахаж байхад анх уулзсанаас хойш бүхэл бүтэн гурван хоног өнгөрчихөөд байхад тэр нэг ч холбоо барьсангүй. Гаравч оровч гар утсаа байн байн хяламхийж, ажил ярьж байгаа хүний царайн дээр тэр үдшийн алчуур авч шидсэн зураглалыг ургуулан ангайж, тэр ч бүү хэл ажлын утсаа чагнан чагнан түүнийг хүлээхдээ өөртөө итгэлтэй, бардам сэтгэл минь алгуурханаар нугарч эхэллээ шүү.
Хэзээ ч минийх байгаагүй, бас минийх болох үгүй нь машид эргэлзээтэй нэгнийг амьдралд минь зурвасхан үзэгдээд өнгөрсний төлөө ингэтлээ бодол болон шаналж, үсээ цайтал элдвийг эргэцүүлж, нэг ёсондоо өөрөө ч мэдэлгүй түүнийг амьдралдаа урьж оруулах гэж сэтгэлийн орон зайгаа чөлөөлөх оролдлого хийж байгаа нь инээдтэй бус уу?
Тав дахь өдрийн өглөө харьцангуй өөрөөр эхэллээ. Тэр ярьсангүй, ярих ч үгүй байх, мэдээж би түүнд тэгтлээ таалагдаагүй ч байж мэднэ, тэгээд ч түүний амьдралд надаар тогтохгүй олон бүсгүйчүүд бий. Ингэхэд эргээд бодоход хэрвээ би түүний сэтгэлийг бүрэн татсан бол ядаж намайг өдөж, нэг оронд ордоггүй юмаа гэхэд үнсэхийг ч хүсээгүйг бодоход би дурыг нь татаж чадаагүй л хэрэг...Энэ мэтийн тэнэг бодлуудаасаа өөрөө ч залхсан би юу ч болоогүй гэхэд болсон, болсон гэхэд болоогүй тэр явдлыг мартахын тулд ахиад нэг болзоонд явахаар шийдлээ. Урьд нь бусдын шахалтан дор дуртай дургүй болзох чамаа аяддаг байсан би өнөөдөр дотно нэгэн найзаасаа уулзуулах гэж удаан гуйсан залуугийнх нь утасны дугаарыг авч, мөн найзаараа холбуулснаар удаах болзоо бэлэн болжээ.
Энэ удаагийн болзоот залуу минь намайг ямар нэг газар хүлээлгэсэнгүй, хүлээж суусангүй, харин ажил тарахад ирж авсан нь түүнд нэг оноо өгөх хангалттай шалтгаан боллоо. Машин тэрэгний марк, төрөл загвар, үнэ зэргийг үл гадарлах надад бүгд л ижил харагддаг жижиг тэрэгний нэг, дотроо цэвэрхэн тохитой машиных нь хаалгыг татан ороход ажил хэрэгч хувцаслалт, өргөн магнай, шингэвтэр хөмсөг, давхраагүй боловч аятайхан бор нүд, монхордуу хамар, жирийн л нимгэвтэр уруул, бас найрсаг инээмсэглэл угтлаа. "Энхтүвшин" гэж нэрээ хэлэхэд нь бүдүүн боловч тослог, дуучин хүнийх гэмээр хоолойтой нь анзаарлаа.
Машин барих зуураа намайг сэм сэмхэн харж, нүдээрээ инээмсэглэн, олон юм ярилгүй жолоогоо мушгих тэр залуу очих газраа санал болгосоныг нь би тоомжиргүйхэн зөвшөөрч орхив. Чин үнэнийг хэлэхэд гадаад төрх байдал нь миний сэтгэлийг татсангүй, догдлуулсангүй, зүгээр л хааяа уулзаж аяга кофе уунгаа амьдралын энгийн зүйлсээр хүүрнэж болох сайн найзын төрх л тодроно. Миний үл мэдэх жижгэвтэр зоогийн газрын гадаа ирээд машинаасаа буухад нь араас нь харвал бас л гойд сэтгэл татах юм алга, гэхдээ онцолж муучлах ч зүйл үгүй. Харин хаалга онгойлгон хүндэтгэл үзүүлж намайг буулгасан нь аятайхан санагдав.
Зоогийн газрын дотоод чимэглэл нүдэнд дулаахан, суугаад л баймаар нэг л аятай, намуухан эгшиглэх мексик, испани ч байж магад тэр хөгжим тайвшруулах шидтэй. Зэрэгцээд алхахад надаас ялигүй л өндөр тэр даруухан залуу үг дуу цөөнтэй нэгэн бололтой. Хоолыг мөн л түүний зөвлөсөний дагуу захиалж орхиод би цонхоор хөл хөдөлгөөн багатай гудамжийг ширтэн юу ч ярилгүй суухад, тэр ч надаас юу ч асуусангүй. Тэгтэл алгуурхан цасан ширхэг нэг хоёроор хаялсаар, цас хялмаалж эхлэхэд, хоолоо идээгүй мөртлөө дарс шимэн суух миний сэтгэлд хөнгөн гунигтай. Одоо хэр нь ийм сайхан үдэш түүний л тухай бодсоор суух ч гэж.
- - Та хоёрын дундуур орчихвол дургүйцэхгүй биз гэсэн баргил дуу миний бодлыг тасаллаа.
- - Бид хоёр ий? гэж гайхан асуухдаа яаж түүний тухай мэдсэн юм бол гэсэн бодол шууд л толгойд буув.
- - Цас та хоёр ярилцаж байх шиг болохоор чинь таслахыг хүссэнгүй. Гэхдээ анхны болзоон дээрээ юу ч ярихгүй суух эвгүй юм.
- - Ааан гэж уртаар дуу алдаад би инээлээ.
- - Би ч бас цас орохыг хараад заримдаа хэдэн цагаар суучихсан л байдаг юм.
Санасаныг бодоход романтик залуу байх нь ээ гэж бодоод би толгой дохилоо. Энэ залуу яагаад ч юм ажлын ширээн дээр минь байдаг помбогор ваартай, жижгэвтэр боловч зузаан навчтай цэцгийг санагдуулна. Тэр нэг тийм энгийн мөртлөө ядарсан үед минь тайтгаруулж, хэзээ ямагт хувиралгүй тэр л байрандаа, намайг услахаа мартаад хэд хоноход ч хатаагүй байж л байдаг. Тэр цэцэг шиг энгийн, сэтгэлд цаанаа л дулаан боловч хайр сэтгэлийг минь татах хүчгүй мэт.
Бид төгссөн сургууль, хүүхэд нас, одоо хийдэг ажил, ар гэрийнхээ талаар ерийн яриаг өрнүүлж, би хөгжмийн аянд мансууран асуултанд нь товчхон хариулж суулаа. Өдий хүртэл дурлаж ирсэн эрчүүддээ би анхны харцаар дурласан нь олон, анхнаасаа л миний сэтгэлийг хөндөж чадаагүй бол цаашдаа ч тэр л хэвээрээ үлддэг нь жам. Ийм болохоор Түвшин гэж дуудуулах дуртай даруувтар энэ залуутай ахиад болзохгүй гэдгээ би сайн мэдэж байв. Харин үймэрч ядарсан сэтгэлийг минь түр боловч тайтгаруулан сатааруулж, урт аяны дунд түр амрах зогсоол болсонд нь талархана.
- - Та их гоё гартай юмаа.
- - Тийм гэж үү? Би удаан анзаараагүй гараа өөр хүнийх юм шиг гайхан ширтэв.
- - Их өхөөрдмөөр, ганц ч болов барьж үзмээр тийм гартай юм.
- - Ёстой хэн ч тэгж хэлж байгаагүй юм байна.
- - Тэгвэл ийм гоо сайхныг анзаарч харах нүдгүй л хүмүүс байж дээ.



Сэтгэгдэлүүд:
Нараада баярлалаа. Чимээгүйхэн орж гардаг нууц зочдын нэг байснаа өөрийгөө илчлэн сэтгэгдэл үлдээсэнд талархъя. Итгэлийг тань алдахгүйг хичээнээ.
Шаазгайхаан мартаагүй орж ирсэнд тайнк юү шүү.
Оюунаа. хэ хэ. Чиний сэтгэгдлийг нэг тийм амьсгаа дээгүүр өнгөөр уншвал бас л...
Мууланд баярлалаа. Үргэлж хамт байж хамтдаа дэвшье.
Уншигч амьдралтай ойрхон болсон байвал бүр л баярлана. Дахиад сайха зүйлс зөндөө тохиолдсон байх гэж найдна.
Лоовэр яасан дурамжхан дуугаржийнаа.
Туяанаа. ямар их хүлээлгэвээ. соори. хэ хэ.
Чаак захиалгыг авсаан. хэ хэ.
Хэлтэрхий чи умшжээ.
5нбуудал тэр харин шог байгаа байхгүй юу тэ.
Дон жуан яагаад урвайсан билээ?
Чупаа чуупсаа сайн уу? Удаан харсангүй шүү. Бие хаагаа боджий л доо. Энэ залуутай уулзчих гэж Мандайг гуйгаад өгье би.
АСС5 жухамаа жухам. Банжиг нээгдэж би ч баярлав.
Энхрийхэн гүү бас хөөрхөөн армаанчик шүү.
Болорка баярлалаа. Тэгж гоё сэтгэл тавьж байгаад.
Daraa urgeljlelee oruulaxdaa xelchixvel bayarlana shuu!
ийн тайнк юү.
Споонж чиний нэр мангар дотно санагддаг болчжээ. хэ хэ. Төсөөлнө гэдэг чинь сүрхий чадвар шүү.
tegvel minii ner...Hongoroo?
azy асуух юун.
Тунгаа гүү яамай даа.
Дашка хэхэ. Олон тэгээд байвал цочроо гарчийшдээ. Тэгээд дөжрөх шатандаа л орох байх.
Сандэй эгч за яамай даа. Та умшаал байгаам байна.
Мина удаан хараагүй ёстой сонин хүн чинь харин чи байна даа.
Эмбий жухамаа. Ойр хавьд чинь байвал одоо ч хамаагүй атгачих.
Сувдаа ёстой их баярлалаа. Одоо цаа чинь хөөрөөл дэгдээд явчина шүү дээ.
хүүе free нээрээ нөгөө нууцын түлхүүр яасан бэ? нэг уншаад эхэлчихсэн сэтгэлээс гардаггүй ээ.
Сэтгэгдэл үлдээх: